
Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг (2026.04.29) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт өгөөжтэй үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, түүний удирдлага, баг хамт олон үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.
Мөн геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг уулзалтынхаа үеэр онцоллоо.
Тэрбээр мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож буйг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг дурьдаад цаашид хүний хөгжлийг бодлогын цөм болгож, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжил инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих чухал ач холбогдол бүхий тогтоол баталсныг хэлсэн юм.

“Монгол Улс- НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид улам бүр үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдэв.