
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эргэн тойронд өрнөсөн хамгийн онцлох, сэтгэл xөдөлгөм үйл явдал нь Олон улсын шүүгч, МУГД Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа өндөрлүүлсэн явдал байлаа.
МУГТ Ж.Даваажавын нэрэмжит УАШТ-ий 57 кг-ын жингийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдааныг дэнсэлснийхээ дараа Олон улсын шүүгч, Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, их спортын алтан дэвжээнээс зодог тайллаа.Тэрбээр шүүгчийн шүглээ олон улсын шүүгч Э.Батнасанд хүлээлгэн өгч, залгамж халаагаа өглөө.
Тэрбээр их спортын дэвжээнд 39 жилийн турш шүүгчээр ажиллахдаа УАШТ-ийг тасралтгүй дэнсэлж ирсэн. 2008 оны Бээжингийн олимпод Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 2011 онд Олимпын зэрэглэлтэй шүүгч болж, 2012 онд Лондоны олимпын наадмыг шүүж, дэлхийн хэмжээний шүүгч гэдгээ батлан харуулсан юм.

Ц.Сэрээтэр шүүгчийн аав О.Цэрэндагва нь мөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч байсан бөгөөд 1964-1976 оны хооронд дөрвөн олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхтэй. Ийнхүү аав, хүү хоёр олимпын дэвжээнд шүүгч хийсэн нь дэлхийн спортын түүхэнд маш ховор тохиох бахархам амжилт юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбоо, мэргэжил нэгт шүүгчид, тамирчин, дасгалжуулагчид болон гэр бүлийнхэн нь түүнд гүн хүндэтгэл үзүүлэв.
Мөн түүний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, шавь нар болон найз нөхдөөс нь “Саруул хотхон”-д хоёр өрөө байр бэлэглэжээ.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо