
Шинэ оны анхны өдрөөс эхлэн Болгар улс левийг албан ёсоор халж, еврог үндэсний валют болгон хэрэглэж эхэллээ. Европын Холбооноос тавьсан бүх шаардлагыг биелүүлсний дараа тус улс ийнхүү еврогийн бүсэд элсэж байна.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн левийг еврогоор аажмаар солих бөгөөд нэг сарын хугацаанд хоёр валютыг нэгэн зэрэг ашиглана. Левээр төлбөр хийх үед мөнгөний хариултыг еврогоор олгосноор левийг аажмаар эргэлтээс гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ 2025 оны наймдугаар сарын 8-наас 2026 оны наймдугаар сарын 8 хүртэлх хугацаанд бараа үйлчилгээний үнийг лев болон еврогоор бичих ёстой.
Арилжааны банкууд хэдийн еврогийн дэвсгэртүүдийг хүлээн авч, дэлгүүрүүд болон үйлдвэрийн газруудад хүргэжээ. Еврогийн дэвсгэртүүдийг Болгарын Төв банк, арилжааны банкууд болон банкны салбаргүй хөдөө орон нутагт шуудангийн салбараар дамжуулан сольж авах боломжтой бөгөөд эхний 6 сарын хугацаанд шимтгэл авахгүй. Харин 2026 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн шимтгэл тооцно гэжээ.
Болгарын эрх баригчид еврод шилжихийн тулд өргөн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан бөгөөд евро нь тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжөө өгнө. Тухайлбал, гадаадад ажиллаж, аялах явцыг хөнгөвчилж, зах зээлийн ил тод байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдааг эрчимжүүлнэ гэж үзжээ.
Еврод шилжих төлөвлөгөөний гол зарчим бол хэрэглэгчдийг хамгаалах явдал юм. Үүний тулд хоёр валютаар үнийг бичих, бараа үйлчилгээний үнэд мониторинг хийх, худалдаачид ба үйлчилгээ эрхлэгчдийг хянах гэсэн гурван үндсэн арга хэмжээг авахаар болжээ.
Ийнхүү Балканы Болгар улс 1880 оноос хойш 150 орчим жил хэрэглэж буй үндэсний мөнгөн тэмдэгт "Лев"-ээ еврогоор сольж байна. Анх 2007 онд Европын Холбооны гишүүн орон болох үеэс евроруу шилжих эсэх асуудал нийгмийг нь хоёр хуваасаар олон жил болж буй. Ямартй ч ЕХ-ны цорын ганц кирилл үсэгтэй Болгар улс Евро бүсэд нэгдэж буй 21 дэх орон болж чадлаа.
Дашрамд дурдахад Европын Холбоонд мөнгөн тэмдэгтээ евро болгоогүй Унгар, Чех, Польш, Румын, Швед, Дани гэсэн 6 улс үлдэж байна.