
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан, Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг тус аймгийн удирдлагууд болон Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.


Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцон, казах түмэнд Хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэлээд, Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн байна.

Баян-Өлгийчүүд өвлийг өнтэй давж, олсон ололт, амжилтаа улам бататгах дүүрэн итгэл, өөдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн Засаг дарга Ё.Зангар хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцууллаа.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж, илүү гарсныг хөрш зэргэлдээ улс руу гаргадаг байсан үе бий.
Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэргийн дүнд газар тариалангийн салбар эргэн сэргэсэн. Ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахыг зорьж байна.

