
Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон бусад байгууллагад Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал ихээр ирэх болжээ. Үүнтэй холбгдуулан Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг нэгтгэн танилцууллаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бүртгэл байна.

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг байна.
Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн олгодог байна. Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг байна. Харин энэ сангийн хөрөнгөөр дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд ₮124.9 тэрбум, 2025 онд ₮189.8 тэрбум төвлөрчээ.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо, виз, зөвшөөрөл олголт, зөрчил шалган шийдвэрлэлтийн мэдээллийг сар бүрийн 10-ны дотор Opendata.gov.mn сайтад шинэчлэн байршуулдаг тул иргэд мэдээллийг авч танилцах боломтжой юм.