.jpg&w=3840&q=75)
Орхон аймгийн иргэд гемодиализийн аппаратад орохын тулд өөр аймаг, эсвэл зайлшгүй Улаанбаатар хот руу явах шаардлага үүсдэг. Түүнчлэн гемодиализийн аппратад орох заалттай хүн бүр олон удаагийн давтамжтайгаар өөр орон нутагт очин эмчлүүлэх боломжгүй тул эмчилгээгээ орхигдуулж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа талаар бид өмнө нь сурвалжилсан.
Тэгвэл Unuu.mn сайтын сурважилгын үр дүнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр БОЭТ-ийн дэргэд гемодиализийн эмчилгээ үйлчилгээний “Медвик диализийн төв"-ийг байгуулагдлаа.
Уг эмчилгээний төв ашиглалтад орсноор гемодиализ, хэвлийн диализын эмчилгээ, үйлчилгээг иргэд орон нутагтаа хүлээгдэлгүй авах боломж бүрдэж байна.
Тодруулбал, Орон нутгийн төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Б-1 хэсэгт их засвар хийж, тохижуулжээ.
.jpg)
Их шүүдэргэнэ ХХК-ийн “Медвик диализийн 1,2 дугаар төв улсын нэг болон гуравдугаар эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Орон нутагт анхны төвөө төр, хувийн хэвшлийн түншлэлээр Орхон аймагт байгуулж буй нь энэ юм.“Медвик диализ төв" нь нэг дор 54 хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой, техник тоног төхөөрөмж нь европын стандарт хангасан 2025 оны хамгийн сүүлийн загвар аж.
Орхон аймаг анх 2009 онд гемодиализийн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлж байсан бол 50 жилийн ойгоо тохиолдуулан " гемодиализийн эмчилгээ үйлчилгээний төв"-ийг нээж, гемодиализ эмчилгээний 5 өрөө, хэвлийн диализийн нэг өрөөтэй, техник тоног төхөөрөмжийн тухайд европын стандартын шаардлага хангасан 2025 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 13 аппаратыг суурилуулжээ.
Мөн 20 ор, 20 аппараттайгаар өдрийн гурван ээлжээр нэг өдөрт 54 иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ.
Түүнчлэн "эмчлүүлэгч тус бүр өвчтөний түүх нээлгэх шаардлагагүй аппаратанд тухайн иргэний дата мэдээллийг үүсгэдэг гэдгээрээ давуу талтай. Цаашид аппаратынхаа тоог нэмнэ" гэв
Эргэн сануулахад, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хэмжээнд нийт гемодиализийн таван аппарат байсан бөгөөд уг эмчилгээнд орох шаардлагатай 58 эмчлүүлэгч байв. Үүнээс үүдэн зарим иргэд хүлээлгэд шилжиж, аппаратад орохоо хүлээх үедээ биеийн байдал нь хүндрэх тохиолдол их байдаг тул гемодиализийн аппратын тоог нэмэгдүүлж, орон нутагтаа цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа уламжилж байсан юм.
.jpg)